Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр зорилтууд тусгагдсан байдаг.
Мөн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, “Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ын хүрээнд “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-г боловсруулж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болсон авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийтийн тээврийг шинэчлэх, шат дараатай арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлж байна.
Эдгээр зорилтуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Сэргээн босголт, хөгжлийн банк (Дэлхийн банк болон Олон улсын Валютын сангийн хамтарсан) хооронд “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг санхүүжүүлэх 100.0 сая ам. долларын үнийн дүнтэй Зээлийн хэлэлцээр (9257-MN)-ийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталсан.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, сонгогдсон гудамж замуудын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэж нэгдсэн системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавх бэхжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, хийж гүйцэтгэх юм.
Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байгаа ба Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд гаргахаар төлөвлөгдсөн. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн дизайны үндсэн зарчмууд:
- Бүх хэрэглэгчдийн хөдөлгөөнийг дэмжих нөхцлийг бүрдүүлдэг “Иж бүрэн гудамж” үзэл баримтлал,
- Авто замын аюулгүй байдлыг дэд бүтэц, тээврийн хэрэгсэл, хэрэглэгч, хурдны менежментийн өнцгөөс авч үздэг “Аюулгүй системийн хандлага”;
- Авто замын зураг төсөл, онцлог шинж чанаруудыг гудамж замын зориулалтаар тодорхойлдог авто замын зориулалтын ангилал,
- Цаг агаарын эрсдлийг давах туулах чадавхи.
Төслийн гудамж замын гудамж замуудын төлөвлөлт, тэр дундаа авто замын зорчих зурвас, дугуйн зам, автобусны эгнээ, автобусны буудал, явган хүний зам, замын хашлага, гарц, гэрлэн дохио, тэмдэг ба тэмдэглэгээ, гудамжны гэрэлтүүлэг, уулзвар ба дохиолол, зогсоол, ус зайлуулах шугам, мод ургамал, гудамжны тоноглол, үйлчилгээ эрхлэгчдийн урд тал зэрэгт дизайны үндсэн зарчмууд тусгагдсан байх болно. Явган зорчигч, дугуйтай зорчигч, нийтийн тээврээр зорчигчдод давуу эрх олгох замаар бүх хэрэглэгчдэд аюулгүй, үр ашигтай, ая тухтай, хүртээмжтэй гудамж замыг үлгэрлэн жишиг болгон харуулах нь Улаанбаатар хотод эерэг үр нөлөө авчрах юм.