Иж бүрэн гудамж гэдэг ойлголт хот төлөвлөлтөнд байдаг (Complete Street). Зөвхөн машин зорчиход зориулагдаагүй, явган хүн, дугуйтай хүний зорчих эрх, тав тухыг хангасан гудамж замыг иж бүрэн гудамж гэнэ. Замын хөдөлгөөнд оролцогчдын нас, чадвар, эсхүл тээврийн хэрэгслэлийн төрлөөс үл хамаарч тэдний аюулгүй, тохитой, тухтай байдалд зорчих, хүрч очих нөхцлийг бүрдүүлсэн гудамжууд төлөвлөх, зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх болон арчлах аргыг энэхүү ойлголтонд хамааруулан авч үзэж болно. Уг арга нь аюулгүй, тасралтгүй явган зорчигчийн замтай, дугуйн тусгайлсан замтай, зам хөндлөн аюулгүй гарах гарц, аюулгүй арал, жигд зорчих хэсэг, замын дагуух зохион байгуулалттай авто зогсоолтой гудамжийг дэмждэг. Моторт бус хөдөлгөөнийг дэмжсэнээр тогтвортой, амьдрахуйц хот болох зорилгыг хангахад иж бүрэн гудамж тустай байдаг. Иж бүрэн гудамж нь иргэдийн алхах, дугуй, авто машин, нийтийн тээврээр мөн бараа таваар хүргэх хэлбэрээр аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Иж бүрэн гудамж эрүүл мэндэд ээлтэй, эдийн засагт ашигтай, мөн замын аюулгүй байдал, элдэв ослыг ч бууруулдаг. Явган хүмүүс гудамжинд их болох нь худалдаа, үйлчилгээг дэмжиж, тэр хэмжээгээрээ ажлын байр бий болж, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Алхах зайд амьдардаг хүмүүсийн явган замаарх зорчилт нэмэгдсэнээр өдөрт багадаа 30 минут алхаж, 47% илүү идэвхитэй хөдөлгөөн хйинэ. Сард 100.000 автомашины зорчилтыг дугуй болон явган зоричлтоор сольж чадвал нүүрстөрөгийн давхар исэл (CO2)-ийг жилд 3764 тонноор багасгана. Явган хүмүүс их байх нь нэгэндээ тавих хяналтыг өндөржүүлж, гэмт хэрэг, бүдүүлэг үйлдэл гаргах боломжийг багасгаж байдаг.