Бүрэлдэхүүн хэсэг 3
Дэлхийн Банкны төслөөс өмнөх судалгаа шинжилгээний ажлын үр дүнд үндэслэгдсэн ажлуудын нэг бөгөөд төслийн удирдлага, хэрэгжилтийг дэмжихээс гадна долоон судалгаа шинжилгээний ажлыг дотроо багтаасан болно.
Улаанбаатар хотын тогтвортой зам,
тээврийн стратеги
Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнийг сайжруулах судалгаа нь гудамж, замын бүх хэрэглэгчдэд ашиг тустай хотын зам, тээврийн тогтвортой системийг бий болгоход чиглэсэн алсын хараа, урт хугацааны нэгдсэн стратегийг боловсруулах юм. Үүнд газар ашиглалтын төлөвлөлт, тээврийн эрэлтийн менежментийн (ТЭМ-TDM) арга хэмжээг хамарсан институц, санхүү, техникийн санал зөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг багтаахаар төлөвлөөд байна.
Авто зогсоолын стратеги болон
менежментийн төлөвлөгөө
Авто зогсоолын менежментийн төлөвлөгөө:
Одоо байгаа авто зогсоолын хүрэлцээ хангамжид дүн шинжилгээ, үнэлгээ хийж, баримтжуулах
Авто зогсоолын эрэлтийг урьдчилан таамаглах аргачлалыг боловсруулах
Авто зогсоолын бизнес төлөвлөгөө боловсруулах
Бизнес төлөвлөгөө нь авто зогсоолыг бизнес, үйлчилгээний чиглэлээр ажиллууулах, менежментийн хувьчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломж бололцоо, хэрэгжилтийг хэвшүүлэх талаархи тойм судалгаа болон удирдамжаас бүрдэхээр төлөвлөгдөөд байна.
Улаанбаатар хотын Нийтийн тээврийн урт болон дунд хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (стратеги)
Төслийн хугацаанд Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг олон улсын чиг хандлага, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан төлөвлөж, нийтийн тээврийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны стратегийн зорилтуудыг тодорхойлж, бодлогын баримт бичгийг боловсруулна.
Нийтийн тээврийн салбарыг сайжруулах баримт бичиг нь цуврал техникийн туслалцаа, судалгаа шинжилгээний ажлаар дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээ болон нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад тусална. Нийтийн тээврийн салбар дахь хувийн хэвшлийн оролцооны хүрээнд нийтийн тээвэрт хувийн хэвшлийн оролцооны боломжит талбаруудыг тодорхойлж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх, тасалбарын үнэ тогтооход операторуудтай байгуулах гэрээний бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, хувийн хэвшлийн оролцоог бий болгох болон нэмүү өртөг зэрэгт үнэлгээ хийгдэх юм.
Зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон хөрөнгийн менежментийн төлөвлөгөө
“Зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт ба менежмент” баримт бичиг нь Улаанбаатар хотын зам тээврийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг системтэй, ил тод байдлаар боловсруулах арга зүйг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Уг баримт бичгийн гол зорилго нь “амьдралын мөчлөгийн” өртөг зардал буюу барилгын ажлаас гадна замын ашиглалттай холбоотой бүх өртөг зардлыг дэд бүтцийн төлөвлөлт, үйл ажиллагаа, менежментэд нэвтрүүлэх явдал юм. Энэхүү ажлын хүрээнд шинэ барилга байгууламж, зам засвар, арчлалтын ажилд зарцуулах хөрөнгө оруулалт зэрэг цөм хамарна. Түүнчлэн Зам, замын байгууламжийн хөрөнгийн менежментийн төлөвлөгөө нь Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас нийтэлсэн судалгаа, гарын авлага, ажлын зөвлөмжүүдийг нэгтгэсэн ажил болох юм.
- Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн олон шалгуурт аргачлалыг боловсруулах
- Техник, програмын хангамж бүхий орчин үеийн шинэлэг арга барил, дүн шинжилгээ, технологийг ашиглах
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шүүлтүүрдэх аргачлал боловсруулах.
- Зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд ашиглах өртөг багатай, “амьдралын мөчлөгийн” өртөг тооцох аргачлалыг боловсруулах
- Төсөв санхүүгийн чадавхи болон урт, дунд хугацааны төсвийн төлөвлөлттэй холбох
- Иргэдийн үр дүнтэй оролцоог дэмжих
- Жендэр, уур амьсгалын өөрчлөлт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг чиг шугамаа болгох
Замын хөдөлгөөний хурдны менежментийн төлөвлөгөө
Хурдны зохицуулалтын төлөвлөгөө нь Улаанбаатар хотын авто замын сүлжээнд тохирох хурдны түвшинг тодорхойлж, хурд сааруулах арга хэмжээг нарийвчлан судална. Хурдны зохицуулалтын төлөвлөгөө нь дараахь элементүүдээс бүрдэнэ.
Хурд сааруулахтай холбоотой авах арга хэмжээний хэрэгцээний үнэлгээ
Улаанбаатар хот доторхи хурдны хязгаарыг замын зориулалтын ангиллын хүрээнд авч үзэж судлах
Хурд сааруулах арга хэмжээг тодорхойлох
Зорчилт хөдөлгөөнд суурилсан үйлчилгээг (MaaS) нэвтрүүлэх стратеги
Mobility as a Service буюу Хөдөлгөөнт чадварыг үйлчилгээ болгон ашиглах (MaaS) бол тээврийн үйлчилгээний олон төрлийг эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг хөдөлгөөнт үйлчилгээнд нэгтгэх үйл ажиллагаа юм. MaaS-ийг нэвтрүүлэх нь зорчих эрэлт хэрэгцээг хангах, ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээ хүрэлцдэггүй газруудад хүртээмжийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ, автомашин, такси эсхүл дугуй түрээслэх/лизингээр авах, эсхүл хоёуланг нь хослуулах зэрэг олон төрлийн тээврийн хэрэгслийн сонголтын цэс бий болоход түлхэц үзүүлэх давуу талтай. Энэхүү судалгааны ажлын хүрээнд МaaS-ийг Улаанбаатар хотод иргэдийн хөдөлгөөний хүртээмж буюу боломжийг сайжруулах үнэ цэнэтэй хамгийн сайн санал гэж үзэн нэвтрүүлэх удирдамж боловсруулагдаж байна. Ингэснээр алслагдсан болон суурьшил багатай газруудад нийтийн тээврийн үйлчилгээг мэдээллийн технологийн тусламжтайгаар хүргэх боломжтой болох юм.
Зам, тээврийн ослын мэдээллийн платформ
DRIVER-зам, тээврийн ослын мэдээллийн зураглал, үнэлгээ, дүгнэлтийн програмыг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. DRIVER програм нь зам тээврийн ослын газарзүйн байршлыг бүртгэх, дүн шинжилгээ хийх систем юм. DRIVER платформыг нэвтрүүлснээр зам тээврийн ослын нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх боломжтой болно. Уг төслийн хүрээнд DRIVER платформыг Тээврийн цагдаагийн газрын хэрэгцээ, чадавхид нийцүүлэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.