“Идэвхтэй зорчилт хөдөлгөөн – Улаанбаатар хот” сургалтыг зохион байгууллаа

2025 оны 10 дугаар сарын 7 болон 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр төсөл Дэлхийн Банк, Нидерланд улсын Дэд бүтэц, усны аж ахуйн яам болон Нидерланд улсын Унадаг дугуйн элчин сайдын яамтай хамтран идэвхтэй тээврийг дэмжих олон улсын ACTIVE хөтөлбөрийн хүрээнд “Идэвхтэй зорчилт хөдөлгөөн – Улаанбаатар хот” сургалтыг зохион байгууллаа.


ACTIVE буюу Alliance for Cycling and Walking Towards International Vitality and Empowerment хөтөлбөр нь Нидерланд, Бельги, Люксенбург улсуудын хамтын санаачилгаар үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхий дахинд унадаг дугуйн болон явган зорчих хөдөлгөөнийг тогтвортой, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал шийдэл болгон хэрэгжүүлдэг. Сургалтын зорилго нь хотын түвшинд идэвхтэй тээврийн бодлого, төлөвлөлт, дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, туршлагыг түгээх, хот төлөвлөлт болон тээврийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх, мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.


Сургалтад нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, НТБГ, Тээврийн цагдаагийн алба, Нэгдсэн төслийн удирдлагын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Монголын авто замын холбоо, Монголын авто замчдын холбоо зэрэг байгууллагын 50 гаруй албан хаагч оролцов.
Сургалтыг идэвхтэй зорчилт хөдөлгөөн, унадаг дугуйн бодлого, хот төлөвлөлтийн чиглэлээр олон улсын туршлагатай Нидерланд улсын сургагч багш нар удирдан явуулсан юм. Сургалтын эхний өдөр Дугуйн замын сүлжээ төлөвлөлт, гудамжны дизайн, хөндлөн огтлол, уулзваруудын талаар холбогдох хичээлийг зааж, кейс ажилласан бол сургалтын хоёр дугаар өдөр Бодлого ба аюулгүй байдал, гудамжны дизайн, уулзвар төлөвлөлтийн чиглэлээр гүнзгийрүүлэн зааж, багууд Улаанбаатар хотын унадаг дугуйн ирээдүйн төлөвлөгөө, хийгдэх ажлуудыг чиглэлээр төлөвлөгөө гарган, хэлэлцүүлж ажилласан.



