Дэлхийн банкны техникийн ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллалаа.









2025 оны 2-р сарын 12-21-ний өдрүүдэд Дэлхийн банкны техникийн ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллаж, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудад дэмжлэг үзүүлж, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд болон оролцогч талуудтай уулзалтуудыг зохион байгууллаа.
Айлчлалын хүрээнд долоон өдрийн турш дараах чиглэлээр хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулагдав. Үүнд:
- Өнөр хорооллын гудамж, Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Цогц гудамж зам болгон хөгжүүлэх, шинэчлэх ажлын төлөвлөгөө
- Яармагийн шинэ зам, Улаанхуарангийн өргөтгөл замуудын зураг төсөл, техникийн хэлэлцүүлэг
- Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх ажил, Замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэх ажлын баримт бичгийн бүрдүүлэлт, шаардлага
- Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги, төлөвлөгөө
- Авто зогсоолын менежментийн ухаалаг систем, стратеги болон менежментийн төлөвлөгөө
- Нийтийн тээврийн удирдлагын төвийг шинэчлэх ажлын баримт бичгийн бүрдүүлэлт, шаардлага болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн стратеги
- Зам тээврийн ослын бүртгэл мэдээллийн платформ болон Замын хөдөлгөөний хурдны менежментийн төлөвлөгөө
Хэлэлцүүлэгт Дэлхийн банкны ажлын хэсэг, төсөл хэрэгжүүлэгч нэгж, зөвлөх баг, гүйцэтгэгчийн баг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Оролцогч талууд дээрх ажлуудын хэрэгжилтийн явц, тулгарч буй асуудлуудыг хөндөн ярилцаж, боломжит шийдлүүдийг хэлэлцсэн бөгөөд Дэлхийн банкны ажлын хэсэг техникийн зөвлөгөө өгч, цаашдын хэрэгжилтэд анхаарах шаардлагатай санал, зөвлөмжийг онцоллоо.