Гудамж замын нөлөөлөлд өртөж буй хороодын иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн 12, 37-р хороодын нутаг дэвсгэр дэх Нарны замын зүүн захаас Амгалан хотхоны уулзвар хүртэлх 4 км шинээр барих Иж бүрэн гудамж замын зураг төслийн ажлын хүрээнд нөлөөлөлд өртөж буй хувь хүн болон аж ахуйн нэгжийг мэдээллээр хангах, загвар зурагт санал авах зорилгоор иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтанд тухайн хороодын 100 орчим иргэд болон ААН-ийн төлөөллүүд оролцосон юм. Тус ажлын зураг төслийн зөвлөх үйлчилгээг  Япон улсын CTI Engineering Co., Ltd. Компани гүйцэтгэж байгаа бөгөөд багийн ахлагч ноён Акио Оказаки танилцуулга хийлээ.

Хэлэлцүүлэгийн явцад гудамж замын төлөвлөлт, тэр дундаа авто замын зорчих зурвас, дугуйн зам, автобусны буудал, явган хүний зам, замын хашлага, гарц, гэрлэн дохио, тэмдэг ба тэмдэглэгээ, гудамжны гэрэлтүүлэг, зогсоол, ус зайлуулах шугам, мод ургамал, гудамжны тоноглол, айлуудруу орох орц гарц зэрэг замын зурагт тусгагдсан байгаа дизайнуудыг нарийн танилцуулсан бөгөөд олонх иргэд замын бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн үеээр нийт 30 гаруй асуулт, санал хүсэлтийг иргэд, ААН-үүдийн зүгээс өгсөн бөгөөд асуултуудад тухай бүрт нь хариулж, бичгээр ирсэн саналуудыг ангилан зураг төсөлд тусгах боломжийг судалж үзэх юм. Түүнчлэн замын барилгын ажлын үед үүсч болох байгаль орчин, нийгмийн нөлөөллийг танилцуулж, дуу чимээ, тоос шорооны бохирдол зэргийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг мөн танилцуулсан юм.

Мөн өдөр төслийн нөлөөлөлд өртөж буй хороодын нэг цэгийн үйлчилгээний танхимуудад санал хүсэлтийн хайрцаг байрлууллаа. Цаашид иргэд санал хүсэлтээ өөрт ойр хорооны байрандаа очиж өгөх төдийгүй санал хүсэлтээ цахимаар болон утсаар илэрхийлэх боломжтой.