СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН УДИРДЛАГА, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ, ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭГЧ НАРЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Өнөр хорооллын гудамж ~2.8 км болон Үйлдвэрчний эвлэлийн гудамж ~5.6 км авто замыг иж бүрэн гудамж зам болгон шинэчлэх ажлын зураг төслийг Финлянд улсын Финнок болон Монгол улсын Эм Си Пи Си Жи Ар компаниуд хамтран боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны дагуу “Олон улсад нээлттэй” зохион байгуулж улмаар “Максрөүд” ХХК болон “Арж Капитал” ХХК-н түншлэлтэй гэрээ байгуулаад байна.
Тус авто замуудын бүтээн байгуулалтыг ажлыг 2025 оны хавар эхлэх бөгөөд үүнтэй холбогдуулан төслийн нэгж, гүйцэтгэгч компани, зураг төслийн зөвлөх баг Сонгинохайрхан дүүргийн холбогдох газар хэлтсийн удирдлагууд болон хороон засаг дарга нартай хамтарсан уулзалт хийж, зураг төсөл болон ажлын төлөвлөгөөг танилцуулан, барилгын ажлын талбайн зохион байгуулалт зэрэг бусад шаардлагатай зохион байгуулалтын ажлуудыг хэлэлцэн, санал солилцлоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс иж бүрэн гудамж, зам байгуулах ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг гүйцэтгэгч, захиалагч байгууллагатай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Иж бүрэн зам засварын ажлыг гүйцэтгэснээр уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөн сайжирч, иргэд явган замаар аюулгүй, чөлөөтэй зорчиж, Москва хорооллын уулзвараас ард аюушийн гудамж, үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой.