“Сэлбэ шинэ зам” гудамж замын нөлөөлөлд өртөж буй хороодын иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн 7, 11, 12, 13-р хороодын нутаг дэвсгэр дэх 100 айлын гүүрнээс Хайлаастын гүүр хүртэлх Иж бүрэн гудамж замын зураг төслийн ажлын хүрээнд нөлөөлөлд өртөж буй хувь хүн болон аж ахуйн нэгжийг мэдээллээр хангах, загвар зурагт санал авах зорилгоор хороодын байранд иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтанд тухайн хороодын 150 орчим иргэд, ААН-ийн төлөөллүүд болон хороодын албан хаагчид оролцосон бөгөөд хэлэлцүүлгийн үеээр нийт 100 гаруй асуулт, санал хүсэлтийг хүлээн авч аман санал хүсэлтүүдэд тухай бүрт нь хариу өгч, бичгээр ирсэн санал хүсэлтийг ангилан ялгаж зураг төсөлд тусгах боломжийг судалж байна.
Тус ажлын зураг төслийн зөвлөх үйлчилгээг Япон улсын CTI Engineering Co., Ltd. Компани гүйцэтгэж байгаа бөгөөд багийн ахлагч ноён Акио Оказаки танилцуулга хийв. Хэлэлцүүлэгийн явцад гудамж замын төлөвлөлт, тэр дундаа авто замын зорчих зурвас, дугуйн зам, автобусны буудал, явган хүний зам, замын хашлага, гарц, гэрлэн дохио, тэмдэг ба тэмдэглэгээ, гудамжны гэрэлтүүлэг, зогсоол, ус зайлуулах шугам, мод ургамал, гудамжны тоноглол, айлуудруу орох орц гарц зэрэг замын зурагт тусгагдсан байгаа дизайнуудыг оролцогчидод танилцуулсан. Түүнчлэн замын барилгын ажлын үед үүсч болох байгаль орчин, нийгмийн нөлөөллийг танилцуулж, дуу чимээ, тоос шорооны бохирдол зэргийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар тус гудамж замын Байгаль орчин нийгмийн зөвлөх доктор И. Бямбахүү дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Хэлэлцүүлэгийн үр дүнд иргэд замын бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлж цаашид оролцоотой байж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Цаашид төслийн үр шим хүртэгчид, нөгөө талаас төслийн нөлөөлөлд өртөгчидийн мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэгийн үеээр хороо болгоны нэг цэгийн үйлчилгээний танхимд санал хүсэлтийн хайрцаг байрлууллаа. Ингэснээр иргэд санал хүсэлтээ цахимаар болон утсаар илэрхийлэхээс гадна өөрт ойр хорооны байрандаа бичгээр өгч шийдвэрлүүлэх, мэдээлэл авах боломжтой болж байгаа юм.