“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.

УИХ-ын чуулганы 2021 оны 12-р сарын 23-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт 59.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн Төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнээр хууль батлагдаж Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.

“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурсан юм.