“Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” төслийн тайлангийн хурал боллоо



Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг танилцуулах эцсийн тайлангийн хурлыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн Бүрэлдэхүүн хэсэг 3 – Авто зам, тээвэр төлөвлөлтийн үр дүнтэй институтүүдийн хүрээнд “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги”-ийг Япон улсын Алмек корпорац болон Си Ти Ай компанийн түншлэл 2023 оны 09 дүгээр сараас эхлэн Япон, Франц, Филиппин, Монгол зэрэг нийт дөрвөн улсын 18 мэргэжилтэн бүхий зөвлөх баг боловсруулсан. Энэ хугацаанд нийт 16 удаагийн семинарыг зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон нутгийн захиргааны байгууллагууд, Дэлхийн банкны техникийн баг, Мэргэжлийн холбоод зэрэг олон талт байгууллагуудын санал, зөвлөмжүүдийг стратегид тусгасан юм.

Тайлангийн хурлыг нээж Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Дэлхийн банкны Төслийн багийн удирдагч Эдвард Эндрю Бeyкес, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга О.Одбаяр үг хэлсэн бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Их дээд сургууль болон Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.


Мөн зөвлөх багийн ахлагч ноён Нагаяма Кацүхиде Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон дэлхийн улс орнуудын тогтвортой зорчилт хөдөлгөөний шилдэг туршлагыг танилцуулж, Улаанбаатар хот 2050 онд зорчилт хөдөлгөөний хувьд Хүртээмжтэй, Байгальд ээлтэй, Тогтвортой, ухаалаг, амьдрахад таатай хот болох Алсын харааг дэвшүүлж, 3 эрхэм зорилгын хүрээнд, 24 стратеги, 164 хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг хүрэх үр дүнгийн хамт танилцууллаа.