Хурдны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний хүрээнд сургалт зохион байгуулагдлаа.


Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Замын хөдөлгөөний хурдны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх” ажлын хүрээнд боловсруулсан Хурдны менежментийн төлөвлөгөө болон олон улсад мөрдөгдөж буй хурдны менежментийн арга, аргачлалын талаар мэдлэг олгох сургалт 2025 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус зөвлөх үйлчилгээний зорилго нь Улаанбаатар хотын Зам, тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын хөдөлгөөний урсгалыг оновчтой болгох, тогтвортой, аюулгүй зорчилт хөдөлгөөнийг бий болгоход чиглэсэн стратеги болон арга хэмжээг тодорхойлох юм.
Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Зам, тээврийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн алба зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, хурдны зохицуулалтын ач холбогдол, нөлөөллийн талаар санал бодлоо солилцов.
Сургалтын үеэр замын хөдөлгөөний хурдыг оновчтой тогтоосноор ослын тоо хэрхэн буурдаг, аюулгүй байдлыг нэмэгдүүлснээр хот доторх зорчих орчныг хэрхэн сайжруулах боломжтой талаар олон улсын туршлагад тулгуурласан арга замуудыг танилцуулсан юм.

