Яармагийн шинэ зам ~8км болон Улаанхуаран замын өргөтгөл ~4км-н нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шинэчлэх болон зам барилгын ажлын техник, технологийн хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний Эхлэлийн уулзалт боллоо.
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Яармагийн шинэ зам ~8км болон Улаанхуаран замын өргөтгөл ~4км-н нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шинэчлэх болон зам барилгын ажлын техник, технологийн хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний Эхлэлийн уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн Замын хөгжлийн газар, Төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч Энэтхэг улсын “Intercontinental Consultants and Technocrats Pvt.Ltd” компани зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Тус замууд нь Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан. Яармагийн шинэ зам нь Энхтайваны өргөн чөлөөг Чингис хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замтай холбох төслийн 4 дүгээр үе шат гэдгээрээ онцлогтой бол Улаанхуарангийн өргөтгөл зам нь Энхтайваны өргөн чөлөөг хотын зүүн тал руу өргөтгөн авто замын сүлжээг нэмэгдүүлэх, хотын төвөөс алслагдсан гэр хорооллын суурьшлын бүсүүд (Гачуурт, Хужирбулан, Улиастай гэх мэт)-ийг хотын төвтэй холбох ач холбогдол бүхий авто зам юм.