“Яармаг шинэ зам” гудамж замын ажлын хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.







Хан-Уул дүүргийн 8, 21, 23 дугаар хороодын нутаг дэвсгэрт орших Наадамчдын авто замаас Өлзийтийн зам хүртэлх “Яармагийн шинэ зам” иж бүрэн гудамж замын зураг төслийн ажлын хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүс нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангах, урьдчилсан зураг төсөлд санал авах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, 8, 21, 23 дугаар хороодын албан хаагчид, 150 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд иргэдээс зураг төсөлд тусгах санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.
Тус ажлын зураг төслийн зөвлөх үйлчилгээг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Intercontinental Consultants and Technocrats Pvt. Ltd.” болон Монгол Улсын “Ай Си Ти Сайн Консалтантс” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд зөвлөх багийн ахлагч ноён Сандип Баттачаржий танилцуулга хийв. Хэлэлцүүлгийн үеэр гудамж замын төлөвлөлтийн хүрээнд авто замын зорчих хэсэг, дугуйн зам, автобусны буудал, явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламж, ногоон байгууламж зэрэг гол онцлогуудыг танилцууллаа. Мөн замын барилгын ажлын явцад үүсч болох байгаль орчин, нийгмийн нөлөөлөл, тухайлбал дуу чимээ, тоосжилтыг бууруулах арга хэмжээний талаар зөвлөх компанийн байгаль орчин, нийгмийн мэргэжилтнүүд танилцуулга хийлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд иргэд замын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Цаашид төслийн үр шим хүртэгчид болон иргэд, олон нийтийн мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэгийн үеээр хороо тус бүрт санал хүсэлтийн хайрцгийг хүлээлгэж өгч, иргэд санал хүсэлтээ цахимаар болон утсаар илэрхийлэхээс гадна өөрт ойр хорооны байрандаа бичгээр илэрхийлэн шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүллээ.