“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийнэ

Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, Нийслэлийн Засаг дарга, Олон улсын Сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан төслийн гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн зорилго нь Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, мөн сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, цаг агаарын гаралтай асуудлуудыг шийдвэрлэх бөгөөд 2026 оныг дуустал хэрэгжих юм.

Энэ сарын 20-31-ний өдрүүдэд тус төслийн “Дунд хугацааны үнэлгээ” хийгдэх бөгөөд Дэлхийн банкны ажлын хэсэг Монгол улсад ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяр болон холбогдох албан тушаалтнууд Дэлхийн банкны Monica sawyer /Үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн/, Noroarisoa rabefaniraka /Төслийн багийн ахлагч, замын ахлах мэргэжилтэн/, Clemens portenlaenger /Замын ахлах мэргэжилтэн/, Nurbek kurmanaliev /Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн/, Ross butler /Нийгмийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн/, Munkhjargal ayurzana /Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн/, Khaliun Bat-orig /Замын мэргэжилтэн/ бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү “Дунд хугацааны үнэлгээ”-ний хүрээнд Дэлхийн банкны ажлын хэсэг 14 хоногийн турш төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй дэлгэрэнгүй танилцаж, төслийн хэрэгжилтийн саатал, эрсдэлийг тодорхойлон, цаашдын тогтвортой байдал, төслийн бүтцэд гарч болзошгүй өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэх юм. Зарим шинээр үүссэн нөхцөл байдалтай төслийг уялдуулан тохируулах замаар төслийг амжилттай хэрэгжүүлж, дуусгахын тулд тодорхой асуудлуудыг “Дунд хугацааны үнэлгээ”-ний үеэр шийдвэрлэхээр талууд санал нэгдсэн юм.