Баянзүрх дүүрэгт “Нарны замын зүүн өргөтгөл” төслийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн 12, 37-р хорооны нутаг дэвсгэрт Нарны замын зүүн захаас Амгалан хотхоны уулзвар хүртэлх 4 км урттай “Нарны замын зүүн өргөтгөл” иж бүрэн гудамж замын барилгын ажлын хүрээнд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, санал авах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн 130 орчим иргэн болон аж ахуйн нэгжийн төлөөлөл идэвхтэй оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр төсөл хэрэгжүүлэх нэгжээс шинээр баригдах авто замын танилцуулга, урьдчилсан төлөвлөгөө, төлөвлөлт, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөөлөл газар чөлөөлөлтийн явц, онцлог байдал, тулгамдаж буй асуудлууд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн үеэр нийт 30 орчим асуулт, тодруулга гарсан бөгөөд тэдгээрт зохих хариултуудыг газар дээр нь өгч, хувь хүний асуудалтай холбоотой асуултуудыг иргэд биечлэн асууж, холбогдох мэргэжилтнүүдээс шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл авлаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь төслийн хэрэгжилтийн явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсох, шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.