Улаанбаатар хотын нийтийн тээврийн стратеги ба Нийтийн тээвэрт суурилсан хөгжлийн сэдвээр сургалтууд амжилттай зохион байгуулагдлаа

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн стратеги, Их багтаамжтай нийтийн тээврийн систем ба Нийтийн тээвэрт суурилсан хөгжил” сэдвээр хоёр өдрийн сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.

Семинарын зорилго нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг дэмжихэд шаардлага бүхий нийтийн тээврийн стратегийн ач холбогдлыг таниулах, нийтийн тээврийн салбар дах олон улсын шилдэг туршлага, шинэ хандлагыг хуваалцахад оршиж байв.

Эхний өдөр дараах сэдвүүдээр илтгэлүүд танилцуулагдсан:

  • Яагаад нийтийн тээврийн стратеги хотуудад зайлшгүй шаардлагатай вэ?
  • Улаанбаатар хотын хот төлөвлөлт ба нийтийн тээврийн зохион байгуулалт: Замын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийн хөгжлийг оновчтой төлөвлөх уялдсан хандлага
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн стратеги ба стратегийн төлөвлөгөө

Хоёр дахь өдөр дараах сэдвүүдийг хөндөн танилцууллаа:

  • Газар ашиглалт болон төмөр замд суурилсан нийтийн тээвэр: Японы Нийтийн тээвэрт суурилсан хөгжлийн (НТСХ) туршлага ба Улаанбаатарт хэрэгжүүлэх боломж
  • Ухаалаг, аюулгүй, үр ашигтай нийтийн тээврийн системд Тээврийн ухаалаг систем (ТУС)-ийг ашиглах
  • Хятадын Нийтийн тээвэрт суурилсан хөгжлийн нөлөөллийн үнэлгээ: Бодлого, хэрэгжилт, үр дүн
  • Үр ашигтай нийтийн тээврийн тогтолцоог бүрдүүлэхэд шаардагдах байгууллагын бүтэц, зохицуулалтын чадавхи

Илтгэлүүдийг төслийн зөвлөх багийн ахлагч болон голлох мэргэжилтнүүд танилцуулсан бөгөөд семинарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нэгдсэн төслийн удирдлагын газар болон Улаанбаатар хотын хөгжлийн корпораци зэрэг байгууллагын 40 орчим албан хаагч оролцлоо.